Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2022.03.20/ Украины дайны асуудалд "Хятадын байр суурь түүхийн зөв талд байгааг цаг хугацаа батлах болно" гэж мэдэгджээ.
Тэрээр, “Хятад улс уг асуудалд үндэслэлд тулгуурлан, бодитой, шударга байр сууринаас хараат бус дүгнэлт гаргасаар байх болно. Бид гадны аливаа дарамт шахалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, мөн Хятадын эсрэг аливаа үндэслэлгүй буруутгал, хардлагыг эсэргүүцэж байна. Урт хугацааны шийдэл бол хүйтэн дайны үеийн сэтгэлгээнээс татгалзаж, бүлэглэлийн сөргөлдөөнд оролцохгүй байх, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой бүс нутгийн аюулгүй байдлын бүтцийг жинхэнэ утгаар нь бүрдүүлэх явдал юм. Зөвхөн ингэж байж л Европ тивд урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож чадна” гэж мэдэгджээ.
Харин түүний энэхүү мэдэгдлийг шинжээчид, “Украины хямрал ширүүсч байгаа энэ үед Бээжин Москватай стратегийн түншлэлийн харилцаагаа тэнцвэржүүлэхийн зэрэгцээ барууны орнуудтай эдийн засгийн харилцаагаа хадгалахыг хичээж байна” гэж үзэж байна. Сонирхуулахад, Оросууд Украин руу түрэмгийлснийг Хятад улс шууд буруушаагүй ч, тодорхой дэмжлэг үзүүлээгүй байгаа юм.
Эх сурвалж: CNN