Сэтгүүлч С.Будрагчаа Ж.Соронзон захиралтай холбоотой дахин баримт дэлгэлээ

Сэтгүүлч С.Будрагчаа Ж.Соронзон захиралтай холбоотой дахин баримт дэлгэлээ

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаар удаа дараа мэдээлж, түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа билээ. 
 
Тэгвэл сэтгүүлч С.Будрагчаа дахин баримт дэлгэлээ. Тэрбээр энэ талаар цахим хуудснаа "БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль 4 автомашинтай Үүнээс 77-46УАЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг Ж.Соронзон захирал хувь хувьсгалын ажилдаа ашигладаг.
 
Төрийн өмчийн сургуулийн захирал 197 сая төгрөгөөр том оврын тансаг зэрэглэлийн автомашиныг Таванбогд ХХК-аас сургуулийнхаа хөрөнгөөр худалдан авсан асуудал нь зөрчилтэй байна хэмээн Аудитын байгууллагаас үзэж, болиулах гэж оролдоод дийлээгүй байдаг.
 
Харин 08-63 УНК улсын дугаартай Ниссан старекс автомашин нь сургуулийн ажилд гэхээсээ илүүтэйгээр Ж.Соронзонгийн хувийн ажилд нь ашиглагддаг байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Соронзон захирал өглөө бүр уг машинаар сургуулийнхаа эмчийг Баянзүрхийн гүүрний дор байдаг хаус руу явуулж, ээжийнхээ даралтыг үзүүлэхийн зэрэгцээ тэрхүү байшинг нь хамгаалдаг бяруу шиг том гурван нохойн хоолыг хүргүүлдэг гэв. Учир нь 3-р сургуулийн цайны газраас өдөр бүр 40 литрийг сав дүүрэн хоолны үлдэгдэл гардаг бөгөөд түүнийг уг машинаараа зөөдөг байна.
 
Мөн Баянзүрхийн гүүрний дор Туул голын эрэгт тулган барьсан хоёр том байшинг Ж.Соронзон захирал сургуулийнхаа ажилтнуудаар бариулахдаа энэхүү машиныг ашиглаж байсан зургийг би өмнө дэлгэж байсан. Харин тусгай дуут дохиогоор тоноглосон 00-30 УБО улсын дугаартай Тоёота Ландкруйзер 100 маркийн машин бол нөгөө Н.Лүндэндоржийн согтуугаар барьж яваад хүн дайрч алсан машин мөн. Уг машинаар Ж.Соронзон захирал өөрийн төрсөн ганц хүү Ж.Ариунболдынхоо гурван хүүхдийг сургууль гэрийнх нь хооронд зөөлгөдөг асуудлыг би өмнө бичиж мэдээлж байсан.
 
Харин 06-96УАК улсын дугаартай бонго машиныг нь Н.Лүндэндорж нь голцуу ашигладаг аж. Тэрбээр ШЕЗ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын бүх шүүхүүдийн ажилтай танилцах ажлаар явж байна гэдэг нэрийн дор бэлгэнд авсан олон адуугаа өдгөө Төв аймаг адгуулдаг бөгөөд морь малаа нааш цааш нь зөөх, морины тэжээл тээвэрлэх ажилд уг машиныг байнга ашигладаг хэмээн эх сурвалжууд хэлж байна.
 
Сургуулийнхаа данснаас жил бүр 870 саяас 1.1 тэрбум төгрөгийг төрсөн дүү рүүгээ шилжүүлж завшдаг Ж.Соронзон захирал сургуулийнхаа өмч хөрөнгийг, ажилтан албан хаагчдыг хүртэл хувийн зорилгодоо эрээ цээргүй ашиглаж буйн нэгээхэн жишээ гэхэд л энэ байна.
 
Харин энэ хүнд АТГ, Боловсролын сайд хоёр арга хэмжээ тооцож чадахгүй байгаа нь муухай юм даа" хэмээн автомашины зургуудыг нийтэлжээ.