Монгол оюутны бичсэн дипломын ажлыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өөрийн нэрээр хэвлүүлсэн БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А-д хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Б 2013 онд “Цэцэг илрүүлэх алгоритм ашиглан мандарины ургацыг урьдчилан таамаглах шинэ арга техник” сэдвээр диплом бичжээ. Улмаар 2013 оны наймдугаар сард олон улсын академик сэтгүүл болох “Олон улсын хэв маягийг таних, хиймэл оюун ухааны сэтгүүл” (IJPRAI) -д дипломын ажлаа хэвлүүлсэн байна.
Гэвч үүнээс сарын дараа буюу 2014 оны 4-р сарын 16-ны өдөр Монгол оюутан Б-ийн зөвлөх багшаар ажиллаж байсан Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А уг олон улсын сэтгүүлд “Б-ийн нэрийг хасаж”, өөрийн болон дүүгийнхээ нэрээр солих хүсэлт бүхий имейл илгээжээ.
И-мейлийн дагуу эрдэм шинжилгээний ажлыг бичсэн Монгол Улсын иргэн Б-ийн нэрийг хамтран зохиогч төдийгүй анхлан зохиогчоос хассан байна. Энэ тухай Б олж мэдэн өнгөрсөн жил тус улсын хэвлэлүүд болон хуулийн байгууллагуудад хандсанаар профессор А-г шалгах ажил эхэлсэн байдаг. Профессор А-д холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны өдөр Жонжү дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болсон бөгөөд түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Түүнчлэн тэрбээр мөн 2010-2014 онд Чонбукийн үндэсний их сургуулийн Үйлдвэр, эрдмийн хамтын ажиллагааны сангаас 29 сая вон завшсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Эх сурвалж: Mk.kor