Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.09.27/ төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцууллаа. Шалгалтыг таван чиглэлээр хийжээ. Хяналт шалгалтад нийт 228 эрүүл мэндийн байгууллагад хамтарсан байна.
Хяналт явцад илэрсэн зөрчил, дутагдал
- Хүний нөөцийн хангалт / их эмч, сувилагчийн харьцаа 1:2.0/ 106 эмнэлэгт стандартын шаардлагыг хангахгүй.
- Эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт хангалтгүй.
- Эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад дунд мэргэжилтэн анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй, хэрэгжилт 123 эмнэлэгт хангалтгүй.
- Өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөнийг шинэчлээгүй байдал 17 эмнэлэгт хангалтгүй байна. 0-2 сар, 2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны хүүхдийг үзлэгт хамруулж, дүгнэлт бичдэггүй, 13 эмнэлэгт хангалтгүй байсан байна.
Мөн "Апрель” ХХК-ний “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Ханбатгүн, Анардарь, Зохиомон, Аддистит жаргал, Хийлс хаард, Ачитны увидас, Авецина/ СБД/ , Сумади, Сод дэлгэц эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан байна. Харин Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон шалгаруулалт хийгдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан. Нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторийн эрхлэгчээр ажиллуулж байжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, нэг ч удаа хуралдаагүй, Өргөө амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтэний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй.
Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр гурван эмнэлэг нь эмийн хадгалалтын дэглэм зөрчигдсөн, үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалах нөхцөл бүрдээгүй ажиллаж байсан. Мөн гурван эмнэлгийн яаралтай тусламжийн шүүгээнд хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 7 нэрийн эмийг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн байна.
Цөмийн болон цацрагийн хянатын чиглэлээр Баянгол дүүргийн ЭМТ, Улаанбаатар сонгдо, БЗД-ийн ЭМТ, Цэргийн төв эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ, Ач тус хоспис, Уран ломбо, Их зайсан зэрэг 8 эмнэлэг рентген аппаратын ашиглалтын бүртгэл хөтөлж жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг хуульд заасан хугацаанд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй.