"МИАТ" компани Боинг 787-9 Dreamliner агаарын хөлөг түрээслэхээр болжээ

"МИАТ" компани Боинг 787-9 Dreamliner агаарын хөлөг түрээслэхээр болжээ

Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэжээ.

Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэгтээ ашиглах боломжтой болж байгаа юм байна. 

Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen, Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсби болон албаны бусад хүмүүс оролцжээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “МИАТ компани Монгол Улсын Төрийн далбааг тээгч, Үндэсний тээвэрлэгчийн хувьд зах зээлийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бэхжүүлж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий Боинг компанийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийснээр 2021 он гэхэд хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиа компанийн нэг болно” гэв.