НИТХ-ын ээлжит 27 дугаар хурал үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах ажиллагаа явагдаж байгаа нь үнэн гэдгийг дурдлаа.
Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун "Хотын хөгжлийг хойш татсан, чадамжгүй Иргэдийн хурал тараая.. НИТХ, УИХ-тай хамт тарах ёстой" гэж мэдэгдлээ.
Энэ талаар НИТХ-ын дарга Р.Дагва “Өнөөдөр НИТХ-ын хурлаар энэ асуудлыг хэлэлцэхгүй, тэгэх нь хууль бус. Ядаж нэг хоногийн өмнө өргөн барих учиртай. НИТХ дахь МАН-ын бүлэг хуваагдаагүй. Дотроо хагаралдсан юм ер байхгүй. Хотын даргыг огцруулах ямар ч шаардлага байхгүй” гэсэн юм.
Үргэлжлүүлэн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэж байна.