АНУ-ын харьяат 40 настай уулчин энэ сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 23-наас “Хоног толгой” гэх газраас “Вест кэмп” хүртэл 12 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг хийж байв.
Харин өчигдөр тус ууланд их хэмжээний цас орсон тул өнөөдөр алга болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.