Спортын тэр тусмаа чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амжилтын төлөө хамтдаа зүтгэж яваа хосуудын нэг нь дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар юм.
“Алдар” спорт хорооны ах, дүү хоёр гавьяат болох Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь, ижилхэн спортоор хичээллэдэг гээд тэдэнд адилхан зүйл олон.
Тэд 2017 онд УАШТ-д түрүүлж, ДАШТ-д хамт оролцсон удаатай. Тэр жил П.Орхон дэлхийн аварга болж, баярт мөчөө хамтдаа хуваалцсан билээ. Улс бүр зөвхөн шилдгээ илгээдэг дэлхийн дэвжээнд гэр бүлийн хоёр хамтдаа өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар өнөөдөр хуримаа хийн, гал голомтоо бадрааж байна.