Иргэн Ч.Мөнхбаярыг энэ сарын 18-ны өдөр /2022.02.18/ тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Түүнийг "Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд хоёрдугаар сарын 18-ны өдөр /2022.02.18/ болсон баривчилгааг тагнуулын байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэх мэдээллийг ТЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч П.Өгөөмөр өгсөн.
Тэгвэл болсон үйл явдлын талаар иргэн Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэтэй холбогдож тодруулахыг хүсэхэд "Ахын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гээд гарын үсэг зурсан болохоор яриа өгөх боломжгүй байна. Нууцын зэрэгтэй хэрэг болохоор мэдээлэл задарвал 1-15 жилийн хорих ялтай гэсэн. Уучлаарай" гэх хариултыг өгсөн юм. Ташрамд өгүүлэхэд Ч.Мөнхбаяр нь өндөр настай ээж, дүүгийнхаа хамтаар амьдардаг байсан юм. Тэдний хэн хэнээр нь нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан байна.