Халдварын тархалтын улмаас ӨМӨЗО-д хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг БҮРЭН зогсоожээ

Халдварын тархалтын улмаас ӨМӨЗО-д хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг БҮРЭН зогсоожээ

ӨМӨЗО-ны хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн (суудлын машин болон автобус, галт тэрэг, хурдан галт тэрэг, онгоц)-ийг бүрэн зогсоож, Хөх хотод ирэх болон явах бүх хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тус хотод 2022 оны хоёрдугаар сарын 21-ний 10:00 цагийн байдлаар коронавируст халдварын 161 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл Хөххотын 24 хороо, тосгон, сууринд өвчний халдвар илрээд байна. Хөх хот дахь ЕКГ-ын байрлах Сайхан дүүргийн Улаан хороонд одоогоор өвчин бүртгэгдээгүй байгаа боловч тус дүүргийн 5 хороонд коронавирусийн 35 тохиолдол батлагдсан аж. Хөххотод чөлөөтэй зорчих хөдөлгөөн хязгаарласан бөгөөд өнгөрсөн 3  хоногийн хугацаанд 3 удаа ПСР шинжилгээг бүх иргэдээс авсан байна.

ӨМӨЗО-ны хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 175 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Хөххотод 161, Бугат хотод 8 (Кундулүн дүүрэгт 5, Дархан муу мянган холбоот хошуунд 3), Хөлөнбуйр хотод 5 (бүгд Манжуурт), Баяннуур хотод 1 (Улаат өмнөд хошуу), Туньляо хот (гаднаас зөөвөрлөгдөж Хорчин дүүрэгт ирсэн)-д 1 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Бугат хотын Дархан муу мянган холбоот хошууны нутаг дэвсгэрт манай улстай хиллэдэг Мандал-Ханги боомт байдаг. Түүнчлэн Баяннуур хотын Улаат дунд хошуунд Ганцмод-Гашуунсухайт боомт байрладаг бөгөөд өвчин гарсан Улаат өмнөд хошуунаас 136 км-ийн зайтай байдаг.

ӨМӨЗО-ны хэмжээнд зөвхөн ачаа тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бөгөөд 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээтэй тохиолдолд дайран өнгөрүүлж байна. Хэрэв халдвар бүртгэгдсэн бүсэд нэвтрэх тохиолдолд тухайн жолооч, тээврийн хэрэгслийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах дэглэм мөрдөгдөж байна.