“МАН-даа тайлбар ирүүлэх даалгавар авсан” С.Бямбацогтынх $28 сая, М.Билэгт $15 сая, Ш.Үнэнбат ₮13,8 тэрбумыг ХБ-аас авчээ

“МАН-даа тайлбар ирүүлэх даалгавар авсан” С.Бямбацогтынх $28 сая, М.Билэгт $15 сая, Ш.Үнэнбат ₮13,8 тэрбумыг ХБ-аас авчээ

Өчигдөр /2022.02.18/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж, нэр бүхий иргэдийг тус намын гишүүнчлэлээс хассан бол, Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдоод байгаа МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа гишүүдийг “тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон” байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, парламентын гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна. Иймд бид МАН-ын дээрх гишүүдийг Хөгжлийн банкны зээлийн асуудалд хэрхэн холбогдоод байгаа талаар дурдаж байна.

ТУХАЙЛБАЛ;

  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнх, С.Баянчулаан, С.Балжинням болон Бямбацогтын Билгүүн нарын эзэмшдэг “Вестерн холд” ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авч цементийн үйлдвэр барих байсан хэдий ч одоог болтол цементийн үйлдвэр ашиглалтанд ороогүй гэдэг. Харин сүүлд дээрх зээлийнхээ хүү болох 200 мянган ам.доллараа 7 хоног хэтрүүлж төлсөн гэдэг. Вестерн Холд ХХК-ийн зээлийн асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.

С.Бямбацогтын хамааралтай “Вестерн холд” ХХК-ийн эзэмшигчийн мэдээлэл

  • УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн захирлаар нь ажиллаж буй “Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкны захирлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг тус банкны захирлаар ажиллаж байхад 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. Харин тус компанийн хувьцааг өмнө нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямэзэмшиж байсан байдаг. Харин “Вертекс майнинг партнер” ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамааралтай “Вертекс майнинг партнер” ХХК-ийн эзэмшигчдийн өмнөх мэдээлэл

“Вертекс майнинг партнер” ХХК-ийн эзэмшигчдийн одоогийн мэдээлэл

  • УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан, одоо зээлийн төлөлт нь хэвийн явагддаг гэдэг. Харин түүний хүү М.Ганбаганын эзэмшдэг Монлаа ХХК нь “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” нэрийдлээр 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өдгөө 8,2 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байдаг. Харин АТГ-аас Ачлал трейд” ХХК болон Монлаа ХХК-ийг шалгаж эхэлсэн байдаг.
  • УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК 2018 онд “Тайван зогсоол төсөл” барих нэрийдлээр 18,5 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Харин зээлийн хугацаа 2023 онд дуусах бол нийт 14,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй байгаа аж. Тиймээс энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм.
  • НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбатын эзэмшдэг “Бармон” ХХК “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл” төсөл нэрийдлээр 2019 онд 13,8 тэрбум төгрөгийн зээлийг авсан байгаа юм. 16 орчим тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байгаа юм. “Бармон” ХХК-ийг Ш.Үнэнбат тэргүүтэй нэг гэр бүлийн 7 хүн эзэмшдэг байгаа ажээ. Харин “Бармон” ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар мэдээлжээ.

“Бармон” ХХК-ийн эзэмшигчдийн мэдээлэл

Сонирхуулахад, эдгээр гишүүд нэг сарын дотор намдаа яагаад шалгагдаж буй учир шалтгаанаа бичгээр хүргүүлэх үүрэг хүлээсэн байгаа юм. Харин яллагдагчаар татагдвал намын гишүүнчлэлээс хасах нөхцөл бүрддэг байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө