МАН-ын Хяналтын хорооны хуралдаан өнөөдөр /2022.02.18/ 11.00 цагаас товлогдсон ч одоог хүртэл хуралдаагүй байна. Ямар шалтгаанаар хойшилж буй нь олны анхаарлыг татаж байгаа юм. Уг хурлаар Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гишүүддээ хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Харин эдгээр хүмүүс хуулийн байгууллагаа шалгуулж гэм буруугүй нь тогтоогдвол намын гишүүнчлэлээ сэргээх боломжтой гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Учир нь МАН-ын шинэ дүрэмд авлига, албан тушаал болон бусад төрлийн гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн бол намын гишүүнээс хөөнө гэж буй юм.
Намын гишүүнчлэлээ түр хасуулах магадлалтай гишүүдийн нэрсийг бид өмнө нь танилцуулсан. Тэдгээрээс гадна МАХН-ын дарга асан Н.Энхбаяр нь шүүхээс ял авч, гэм буруутайд тооцогдож байсан учраас шинэ дүрмийн дагуу түүнд эрх баригчид хариуцлага тооцож намаас хөөх ёстой. Ташрамд дурдахад, Н.Энхбаяр нь өнгөрсөн жил намаа МАН-тай нэгтгэж хариуд нь хүүгээ УИХ-ын гишүүн болгосон билээ.