Н.МӨНХБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын санал хууль бус учраас гомдол гаргана

Н.МӨНХБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын санал хууль бус учраас гомдол гаргана

ХБ-ны захирал асан Н.Мөнхбатыг гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй хэмээн нэг сар цагдан хорихоор болжээ. Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлж, нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Н.Мөнхбатыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй хэмээн үзэж ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ. Бусад нэр бүхий хүмүүсийг цагдан хорих эсэх шүүх хурал үргэлжилж байна.

Түүний өмгөөлөгч хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Шүүгчийн захирамжид гомдол гаргана. Прокурорын санал хууль бус ба албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй, дутуу. Прокурорын хуульд үндэслээд байгаа нөлөөлөх асуудал хууль бус, тогтоогдохгүй гэж үзэж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр гурав дахь жилдээ шалгагдаж байна. Нэг удаа шүүхээс буцсан. Хөгжлийн банкны асуудал дээр тухайн ажил эрхэлж байсан албан тушаалтнууд нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг гэмт хэргийн асуудлыг нь шалгах ёстой болохоос зээл өгсөн авсан асуудалд шүүмжлэх нь буруу. Авсан хүмүүс нь зээлээ эргүүлэн төлөх нь зүй ёсных. Гэхдээ шүүхээр эцэслэн тогтоож байж энэ хүмүүсийн гэм бурууг ярих байх" гэлээ