ХБ-ны захирал асан Б.Батбаярыг гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй хэмээн нэг сар цагдан хорихоор болжээ

2022-02-18 13:08

ХБ-ны захирал асан Б.Батбаярыг гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй хэмээн нэг сар цагдан хорихоор болжээ

Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлж, нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл шүүхээс Хөгжлийн банк /ХБ/-ны захирал асан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй хэмээн үзэж ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ. Бусад нэр бүхий хүмүүсийг цагдан хорих эсэх шүүх хурал үргэлжилж байна.

 

2022-02-18 12:22

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг цагдан хорих эсэх шүүх хурал яг одоо болж байна

Прокурорын байгууллагаас Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг шүүхийн байгууллагад өнөөдөр /2022.02.18/ шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Прокурорын байгууллагаас Хөгжлийн банк /ХБ/-ны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Ч.Энхбат,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Ч.Мөнхбаяр, Хөгжлийн банкны Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан нарыг цагдан хорих саналтайгаар Сүхбаатар дүүргийн шүүх рүү явуулсан байна.  Тэднийг цагдан хорих эсэх шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Харин шүүх тэднийг цагдан хорих эсэх талаар бид эргэн мэдээлэх болно. 

2022-02-18 09:34

ШУУРХАЙ: Прокуророос ХБ-ны зээлдэгч, зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих санал гаргаж, шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудлын хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа билээ. 

Тэгвэл прокурорын байгууллагаас Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг шүүхийн байгууллагад өнөөдөр /2022.02.18/ шилжүүлсэн байна.  Харин Хөгжлийн банкны хэн гэж албан тушаалтан, аль компанийн хэн гэж хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Бид энэ талаар болон шүүх прокурорын саналыг хүлээж авах эсэх талаар эргэн мэдээлэх болно. Ташрамд өгүүлэхэд, УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа  "Прокурорын хяналтанд өнөөдрийн байдлаар /2022.02.15/ Хөгжлийн банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг байна" гэдгийг мэдээлж байсан юм.