Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удидлагууд албан хаагчдаа ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус яаманд Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсгийн шалгалт хийж эхэлжээ.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун "Миний мэдэж байгаагаар танай яаманд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан. В.Жавзан, Б.Оюунсанаагийн асуудлыг хурдан шийдсэнд талархаж, Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бидний тавьж байгаа зорилго бол ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ур чадвар нь шаардлага хангасан хүнийг л ажиллуулах.
Төрийн албаны зөвлөл эрхэм төрийн албаны дарга, албан хаагчдаас хүсэх ганцхан зүйл бол хууль мөрдөж ажиллах юм. Танай ТНБД бол төрийн албаны мэргэшсэн албан хаагч. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хууль хэрэгжүүлэх гэж өөрөө жинхэнэ гар бие зүтгэж байсан хүний хувьд энэ зовлонг ойлгох байх гэж бодож байна.
Төрийн албан хаагчийн хориглосон зүйлийг Төрийн албаны тухай хуулийн 39, 37 дүгээр зүйлд заасан байдаг. Үүний хэрэгжилтийг харна. Хэрэв энэ дунд зөрүү буруу юм явах юм бол томилох эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, улс төрийн албан хаагчийг огцруулах мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулах эрхийг хуульчилсан байдаг. 2019 онд батлагдсан шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар маш олон харилцааг ойлгомжтой болгож өгсөн.
Би хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдрийн байгаа мэдрэмжээр шалгалтыг зайлшгүй оруулах шаардлагатай. Төрийн албан хаагчийн шалгалтаа өгсөн мөртлөө ажлын байран дээрээ тавигдаагүй албан хаагчид бас байна" хэмээгээд эдгээр хүмүүсийг томилох асуудлыг яаралтай хийх үүргийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн байна.