Тагнуулын алба хаагчид өнөөдөр 15:30 цагийн орчимд Энхтайваны гүүрийн хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан гэх мэдээлэл гараад байна
Тэгвэл маргааш (2022.02.18) Тагнуулын ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдсэн талаар News.mn сайт мэдээлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд байх Ч.Мөнхбаярын гэх байранд Тагнуулын алба хаагчид нэгжлэг явуулж байна гэх мэдээлэл ч гараад байна.
Ч.Мөнхбаяр нь "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн бөгөөд өмнө нь “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара Монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан билээ. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж байжээ.