Бусдад 25 саяын авилга өгч шүүхээс ял сонссон иргэнийг Төрийн албанд ажиллуулж Сүхбаатарын Засаг М.Идэрбат хууль зөрчжээ

Бусдад 25 саяын авилга өгч шүүхээс ял сонссон иргэнийг Төрийн албанд ажиллуулж Сүхбаатарын Засаг М.Идэрбат хууль зөрчжээ

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагын 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх хэмээн заасан байдаг.

Товчхондоо, авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн үг.  Гэтэл төрийн албанд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн хүн ажиллах, авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн байна. Тухайлбал, 115 төрийн албан хаагч авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Гэвч тэдгээрээс өдгөө ч төрийн албанд байгаа хүн байгаа аж.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Алтансүх нь 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйл буюу хээл хахууль өгөх гэмт хэрэгт холбогдож, торгох ял шийтгүүлжээ.

Нарийвчилбал, Ц.Алтансүх нь Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Төрийн банкнаас 800 сая төгрөгийн зээл авахын тулд Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Д-д 25 сая төгрөгийн хахууль өгсөн болох нь тогтоогджээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар” шийтгэсэн байна.  Гэсэн ч тэрбээр өнөөг хүртэл Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байгаа юм. 

Харин төрийн албанд ял шийтгүүлсэн хүн ажиллаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “Авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн төрийн албан хаагчдын талаарх мэдээллийг бид судлаж, эрх бүхий албан хаагчдад нь албан шаардлага хүргүүлдэг. Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Алтансүхийн тухайд авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болох нь тогтоогдсон. Тиймээс Төрийн албан зөвлөлөөс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх албан шаардлагыг Засаг даргад нь хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл Ц.Алтансүхийг чөлөөлөхгүй байгаа учир ТАЗ-өөс Засаг даргад нь шаардлага хүргүүлж байгаа” гэлээ. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Идэрбат нь авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн албан тушаалтанаа өнөөг хүртэл ажиллуулсаар байгаа аж. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө