Увс аймгийн сумын Засаг дарга асан нэр бүхий компанид “алтны уурхайн зөвшөөрөл өгье” гээд “Land cruiser-100” автомашин хахуульд авчээ

Увс аймгийн сумын Засаг дарга асан нэр бүхий компанид “алтны уурхайн зөвшөөрөл өгье” гээд “Land cruiser-100” автомашин хахуульд авчээ

Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга асан Б нэр бүхий компанид тус сумын нутаг дэвсгэрт алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гаргаж өгнө гэж амлан “Land cruiser-100” маркийн автомашиныг хахуульд авч, саяхан шүүхээс хорих ял авчээ.

Тодруулбал, уг хэрэг 2018 оны долдугаар сард болсон байна. Б нь тухайн үед Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчийн албан үүргийг гүйцэтгэж байсан аж. Энэ үед  “Бат дөлгөөн.....” ХХК-ийн захирал гэх хүн Тарилан сумын нутаг дэвсгэрт алт олборлох бичил уурхайн зөвшөөрөл хөөцөлдөж байжээ. Харин засаг дарга асан Б нь түүнд “Land cruiser-100 маркийн автошин өгчихвөл зөвшөөрлийг гаргаж өгнө” гэж амласан байна. Ингээд компанийн захирал түүнд өөрийн танилаасаа “Land cruiser-100 автомашиныг авч өгчээ. Б нь түүнээс автомашин авахдаа өөрийнхөө бус аавынхаа нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн байна. Үүгээр ч зогсохгүй хэд хоногийн дараа түүнээс “машин дээр нэмээд сумын багийн байрыг бариад өгчихвөл зөвшөөрөл өгнө” гэжээ.

Б нь Тариалан сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг 2016-2019 онд, мөн 2019-2020 оны 11 дүгээр сар хүртэл тус сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байсан аж. Гэвч хахуультай холбоотой хэрэг илчлэгдсэнээр түүнийг албан тушаалаас нь буулгаж шалгаж эхэлжээ.

Уг хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сард болсон хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Ингээд шүүхээс түүнд хоёр жилийн хугацаатай хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцуулахаар шийдвэрлэжээ.

Нөгөө талаар хахууль өгсөн хүн ч мөн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Гэвч гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах боломжгүй” гэж үзжээ.

Харин хахуульд авсан “Land cruiser-100 маркийн автомашиныг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.