"Хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гээд хаагдсан ХБ-ны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг СЭРГЭЭН шалгана

"Хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гээд хаагдсан ХБ-ны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг СЭРГЭЭН шалгана

Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгчээ.

Харин Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрийг хянасан байна. Улмааар тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарах аж. Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг ч дахин сэргэн шалгах бололтой. 

Ташрамд өгүүлэхэд, Анхан шатны шүүхээс  Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг мөрдөн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.