Хөгжлийн банкийг “хөвөнд” ороож байгаад “давхар дээл”-ийн асуудалд давхар цохилт өгч байгаа нь улс төрд өрнөж буй үйл явдлаас харагдаж байна. Өнгөрсөн саруудад цөм агуулгаар яригдаж байсан “давхар дээл”-ийн мэдээлэл Цэц дээр гацсанаас хойш намрын чуулган завсарлахтай зэрэгцэн нам гүм болсон.
-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ЦЭЦЭЭС ТАТАЖ, АН-ЫНХНААР УИХ-Д ӨРГӨН БАРИУЛНА-
Тэгвэл эрх баригчид энэ асуудал дээр шинэ хувилбар боловсруулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газарт ажиллах УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зорилготой энэ өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахдаа заавал Цэцийг царай алдах шаардлагагүй гэж үзжээ. Ерөөс Г.Баясгалан, Ш.Солонго тэргүүтэй Цэцийн гишүүдийн хувьд “давхар дээл”-ийг дэмжсэн агуулгыг Үндсэн хуульд оруулахыг дэмжихгүй байгаа бөгөөд хугацаа нь болоогүй байхад ойр, ойрхон эцэг хуулиа өөрчилж болохгүй гэсэн байр, суурьтай байгаа гэдэг. Тэдний эсэргүүцлээс гадна МАН-ынхан дотоод “улс төр”-өө давж гарч чадахгүй байсан.
Энэ мэт бэрхшээлээс болж МАН-ын удирдлагууд “давхар дээл”-ийн асуудлыг Цэцээс холдуулж оронд нь “Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах” асуудлыг Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүдээр УИХ-д өргөн бариулахаар тохирчээ.
АН-ынхан ч тохироогоо хийсэн бөгөөд дараагийн УИХ-д олонх боллоо гэхэд гишүүдээ Засгийн газарт оруулах ирээдүйгээ бодож байгаа гэх.
-Ж.МӨНХБАТ, С.БЯМБАЦОГТ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЗЭРЭГ “60” ТЭРБУМ” ФРАКЦИЙНХНИЙГ НАМ ДАРАХ УЛС ТӨР-
Өнгөрсөн намар “давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өргөн барихтай зэрэгцэн МАН дотоод улс төрөө дийлэх үү, гишүүдтэйгээ тохирч чадах уу гэх яриа байсан. Учир нь гишүүд нь эсэргүүцэж УИХ дээр унагаж мэдэх уур амьсгал бүрдсэн байлаа. Бүр “дан дээл”-ийг дэмжиж намын даргынхаа бодлогыг УИХ дээр унагах төлөвлөгөөтэй лобби бүлэг ч байгуулагдсан гэж байв. Тэгвэл цаашид энэ асуудлыг яаж дэмжүүлэх вэ. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “давхар дээл”-ийг дэмжихгүй гишүүдээ дуугуй байлгах зорилгоор Хөгжлийн банкны асуудлыг нийгэмд босголоо. Сэдэв ч сайн бослоо.
Далимд нь Л.Оюун-Эрдэнийн танхимыг хэзээд тонгорох эрсдэлтэй тэгээд сайд болох амбицтай бас ч үгүй МАН-д нэгдүгээр эгнээнд эрэмбэлэгдэх С.Бямбацогт, Ж.Мөнхбат Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарыг мөн 60 тэрбумын фракц”-ийнхнаасаа нэг мөр салах улс төрийг эхлүүллээ. Хөгжлийн банк бол Л.Оюун-Эрдэнийн “том улс төр”
Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт МАН-д хоёрдугаар эгнээнд эрэмбэлэгдэх С.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Баттөмөр нарыг оруулсан нь ч бас учиртай. Эдэнд дээрх нэгдүгээр эгнийхнийг зайлуулж, оронд нь өөрсдөө суух зорилго бий гэж МАН дотор ярьж байна.
-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ТОХИРООТОЙ БАЙГАА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НОМ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ ЯВ ГЭЖЭЭ-
Ташрамд дурдахад, өөрчлөлтийг хийхдээ Засгийн газрын гишүүдийг 100 эсвэл 50 хувь “давхар дээл”-тэй байх асуудлыг эцсийн байдлаар тохироогүй аж. Ямартай ч хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ном журмын дагуу холбогдох хуулийг өргөн барьж, шат дараатай хэлэлцүүл гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна. Түүний хувьд Цагаан сарын золголтын үеэр зарим хэвлэлийнхнийг хүлээн авч уулзахдаа “Парламентын засаглалыг үргэлж дэмжинэ. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж хараа, хяналт сайжирна гэж үздэг” хэмээн хэлсэн байдаг.