А.Энх-Амгалан, Э.Тамир, Ц.Нацагдолгор нарын 10 гаруй агентлагийн дарга өнөөг хүртэл шалгалтаа өгч, албажаагүй байна

А.Энх-Амгалан, Э.Тамир, Ц.Нацагдолгор нарын 10 гаруй агентлагийн дарга өнөөг хүртэл шалгалтаа өгч, албажаагүй байна

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан. 

Тус тогтоолд, Ковидын хуулиар томилогдсон буюу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон.

-ЕТГ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ЗЭРЭГ ГАЗРУУД КОВИДЫН ХУУЛИАР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНЫ  МЭДЭЭЛЛЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА-

Төрийн албан зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийн биелэлтийн талаарх мэдээллээ 82 байгууллагаас өнөөдрийн байдлаар 10 нь  ирүүлээгүй байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, ШШГЕГ,  Соёлын яам, БХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хоёрдугаар сарын нэгэн хүртэл ирүүлэх учиртай тогтоолын хэрэгжилтийн биелэлтийн талаарх мэдээллээ ирүүлээгүй байгаа аж.

Ковидын хууль ашиглаж, “ямар нэг шалгалт авахгүй”-гээр төрийн албан тушаалд томилогдсон 2653 хүнээс 507 нь шалгалтаа өгч албан тушаалдаа хуулийн дагуу томилогдоод байгаа аж. Харин 1052 албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлүүлсэн бол 500 гаруй албан тушаалтан нь өнөөг хүртэл албан ёсоор шалгалтаа өгөөгүй байгаа юм байна.

Тодотговол,

  • Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга А.Энх-Амгалан,
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир,
  • Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор,
  • Усны газрын дарга Ш.Мягмар,
  • Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, 
  • АМГТГ-ын даргаар Л.Баярмандал нар нь өнөөдрийг хүртэл төрийн албаны шалгалт өгч, албан ёсоор жинхлээгүй байгаа аж.

Засгийн газраас томилдог дээрх агентлагийн дарга нар өнөөг хүртэл шалгалтаа өгөөгүй, албажаагүй байгаа нь анхаарал татаж буй юм.