Хууль бусаар 30 уут загас тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

Хууль бусаар 30 уут загас тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

Хууль бусаар загас барьсан, тээвэрлэсэн хэргийг илрүүлэн шалгаж байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүй 30 уут загас тээвэрлэн явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Аль сумын нутагт, хаанаас ийнхүү хууль бусаар их хэмжээний загас барьсан нь хараахан тодорхойгүй, шалгаж байна гэж албаныхан хэллээ. Мөн иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас барихгүй байхыг анхаарууллаа.

Ташрамд, Ховд аймагт өнгөрсөн онд хууль бусаар загас агнах зөрчил 80 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Ялангуяа загасны үржлийн улиралд их хэмжээгээр зөвшөөрөлгүй агнахыг хориглодог байна.

Энэ өвөл Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар 5 хоногийн ээлжийн хуваарь гаргаж, эргүүл, хяналтаар ажилласан. Удахгүй загас нүүдэллэх хугацаа болохтой холбогдуулан Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад байгууллага хамтран тодорхой цэгүүдэд тогтмол эргүүл, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж албаныхан ярив.