Саяхан /2022.01.27/ болсон Засгийн газрын ээлжит хурлын үеэр “Хөгжлийн банк /ХБ/-ны зээлтэй холбоотой асуудлыг АТГ-т шилжүүлэх шийдвэр”-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан байдаг. Учир нь Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар зарласан. Иймд холбогдох шалгалтуудыг АТГ-аас хийж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.02.14/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ, “Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш бүх хэргүүд, дээрх асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Зээл зөрчигдсөн гэдэг асуудал ихэнх нь иргэний хуулиар, 2011 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар мултарч үлдэх боломжтой учир энэхүү зүйлчлэлийг өөрчлөөд энэ бол зээл биш харин мөнгө угаах гэмт хэрэг, улсын татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан гэсэн агуулгаар бичиг хүргүүлсэн” гэсэн юм.
Иймд энэ дагуу “хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх үндэслэлээр хаагдсан Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэрэг дахин шалгагдаж магадгүй болоод байгаа ажээ.
Сонирхуулахад, Н.Мөнхбат нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хаасан билээ.