ШУУРХАЙ МЭДЭЭ: Н.Түвшинбаярын цагдан хориог сунгах эсэх шүүх хурлыг наашлуулж өнөөдөр хийхээр болжээ

2022-02-11 18:53

Н.Түвшинбаярт "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ гэж эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж

Улсын начин Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулсны улмаас амь нас нь хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярын цагдан хориог сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2022.02.11/  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

-"ХЭРГИЙН ЭЭДРЭЭ ТӨВӨГТЭЙ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ЯЛЛАГДАГЧИЙГ ЦААШИД ЦАГДАН ХОРЬЖ БОЛНО" ГЭХ ЗААЛТЫН ДАГУУ Н.ТҮВШИНБАЯРЫН ЦАГДАН ХОРИОГ СУНГАЖЭЭ-

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 3 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 02 дугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“ гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

2022-02-11 17:28

Н.Түвшинбаярын цагдан хориог НЭГ сараар СУНГАЛАА

Улсын начин Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулсны улмаас амь нас нь хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "хоёрдугаар хугацаа" ирэх Даваа гараг /2022.02.14/-т дуусаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл Н.Түвшинбаярын цагдан хориог сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2022.02.11/  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Н.Түвшинбаярын цагдан хориох хугацааг НЭГ сараар СУНГАСАН байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно. 

2022-02-11 14:36

ШУУРХАЙ МЭДЭЭ: Н.Түвшинбаярын цагдан хориог сунгах эсэх шүүх хурлыг наашлуулж өнөөдөр хийхээр болжээ

Улсын начин асан Э.Энхбат агсны биед хүнд гэмтэл учруулсаны улмаас амь нас нь хохирсон хэрэгт холбогдон шалгагдаж буй олимпын аварга Н.Түвшинбаярт авсан цагдан хорих "хоёрдугаар хугацаа" ирэх Даваа гараг /2022.02.14/-т дуусаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл даваа гарагт хэлэлцэх гэж байсан дээрх асуудлыг наашлуулж өнөөдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорионы хурал орох гэж байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.