Н.Оюунбат: Хөгжлийн банкны зээлийг авахын тулд эд хөрөнгөө бүгдийг барьцаанд тавьсан ч одоо үйлдвэрийнхээ 10 хувийн хүчин чадлаар ажиллаж байна

Н.Оюунбат: Хөгжлийн банкны зээлийг авахын тулд эд хөрөнгөө бүгдийг барьцаанд тавьсан ч одоо үйлдвэрийнхээ 10 хувийн хүчин чадлаар ажиллаж байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд өнөөдөр /2022.02.11/  болж байна. Хэлэлцүүлгийн талаар чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй "ПРОТЕЙН" ХХК-ийн захирал Н.Оюунбатаас тус тодруулгыг авлаа. 

Тэрбээр, “Өнөөдрийн хэлэлцүүлэгт зээлдэгч, тэр дотроо чанаргүй зээлдэгч талаас оролцож байна. Манай компани Хөгжлийн банкнаас 2017 оны сүүлээр 18 тэрбум аваад зөрүүтэй алданги төлөөд явж байгаа. Яс боловсруулж, шувуу, жижиг амьтан, нохой муурны тэжээлийн орц буюу уураг хийдэг үйлдвэр. Хөгжлийн банкны төсөлд шалгарахдаа хоёр жил гаруй хөөцөлдөж байж шалгарч  байсан юм.

Экспортоо дэмжинэ, малын түүхийн эдийг гадаадад гаргана, импортыг орлох бүтээгдэхүүн хийнэ, байгаль орчинд эерэг нөлөөтэй эко бизнес гэж хараад энэ үйлдвэрийн чиглэл рүү орсон. 2017 онд зээлээ аваад 2019 онд барилгын ажил дуусаад асар их үнэтэй Италийн технологи оруулж ирсэн юм. Манай үйлдвэр 6.9 сая ам.доллараас боссон. 2019 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд 2 жилийн дотор өрөө төлнө гэсэн ирмүүн хүсэлтэй явж байсан. Гэр бүл, аав ээжийнхээ бүх эд хөрөнгийг барьцаанд тавьж энэ зээлийг аваад үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлтэл ковидоос болоод хүчин чадлынхаа 10-15 хувиар л ажиллаж байна. Өдөрт 100 портер яс боловсруулаад 50 тонн бүтээгдэхүүн гаргаад шувуу малаа тэжээгээд явна гэсэн ч өнөөдөр 20 хүрэхгүй тонн яс боловсруулаад сууж байна. Сард 200 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа. Түүнээс 100 гаруй сая төгрөг нь үйлдвэрлэлийн зардалд явж байна. Ингэж хохирч нөхцөл байдлаа Хөгжлийн банканд удаа дараа хэлж, хүсэлт, албан бичиг хүргүүлж байсан. Одоо манай үйлдвэр зогсох юм бол Монголын гурав дах удаагийн яс боловсруулах үйлдвэрлэл зогсож байна гэсэн үг. Сая 2000 оны сүүлээр баахан Хятадын үйлдвэрүүд орж ирсэн байсан. Тэд бүгд шатаах үйлдвэр. Шатаах үйлдвэрүүд чинь хүний эрүүл мэндэд муу. Эргэн тойронд хавдрын эс маш ихээр хуримтлагддаг. Өнөөдөр би Италийн брэнд оруулж ирчхээд ингээд шахагдаж байгаа нь гунигтай байна” гэв.