Чехд байгаа иргэд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох” зэрэг зөрчил гаргаж байгаа тул ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Чехд байгаа иргэд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох” зэрэг зөрчил гаргаж байгаа тул ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

Бүгд Найрамдах Чех улсад байгаа манай улсын элчин сайдын яамнаас тус улсад амьдарч байгаа Монгол иргэдэд хандаж дараах мэдэгдлийг гаргасан байна.

Учир нь манай иргэдэд Чехийн жолооны үнэмлэхийг олгохдоо манай улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн шууд олгож байгаа аж. Гэтэл манай зарим иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд  хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал Монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоож магадгүй байгаа ажээ.

Бүгд Найрамдах Чех улсад суугаа элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд;

Сайн байцгаана уу? Та бүхэнд хичээнгүйлэн хүргэх анхааруулга байна. Чехийн Тээврийн яамнаас манай иргэдэд чехийн жолооны үнэмлэхийг олгохдоо манай улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн шууд (энд жолооны курст суухгүй, жолооны шалгалт авахгүйгээр) олгож байгаа билээ. Үнэмлэх харилцан зөвшөөрөх асуудлаар манай тал хүч чармайлт тавьж ажилласны үр дүнд айлын тал хүлээн авсан. Манай иргэд ч энэ давуу талыг ашиглан олноороо жолооны үнэмлэх авч байна.  ГАГЦХҮҮ чехийн жолооны үнэмлэх авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өссөн байна.

Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд  хэтрүүлэх зэрэг 100 ХУВЬ сэргийлэх боломжтой зөрчлүүд давамгайлжээ. Энэ статистик тодорхой хугацаанд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, курст суулгах, жолооны шалгалт авах зэрэг  шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүй байгааг анхааруулж байна. Энэ мэдээллийг бие биедээ уламжилж, анхааруулж, шаардаж байхыг хүсье. “НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ, 1000 ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО” гэсэн үгийг санаж явцгаая” гэжээ.