Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, орогнуулсан этгээдүүдэд 13-15 жилийн хорих ял оноожээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, орогнуулсан этгээдүүдэд 13-15 жилийн хорих ял оноожээ

Өнгөрөгч сард буюу 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүн худалдаалах маш ноцтой гэмт хэрэг хянан шийдвэрлэгджээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн 41 настай эмэгтэй У, болон 27 настай эрэгтэй О нар насанд хүрээгүй охидыг “эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлж, нэг жил гаруй хугацаанд биеийг нь үнэлүүлэх” гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял сонссон байна.  

-ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД ӨӨРТ ОНООСОН ЯЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Уг хэрэг 2019 оны 12 дугаар сараас өнгөрөгч 2020 оны 1 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгджээ. Гэмт хэрэг үйлдсэн У нь насанд хүрээгүй Г, Б/хохирогчдын нэрийн эхний үсгийг өөрчилсөн болно/ гэх хоёр охинтой танилцан улмаар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд байрлах өөрийн гэртээ орогнуулсан байгаа юм. Ингээд дээр дурдсан хугацааны туршид Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалж, өөрөөр хэлбэл биеийг нь үнэлүүлсэн хэрэг үйлджээ.

Хамгийн ноцтой яллагдагч У охидыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан аж. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн насыг тогтооход, хохирогч Г нь гэмт хэрэг үйлдэгдсэн онд 17 настай, хохирогч Б нь мөн онд 16 настай байжээ.  

Тийнхүү цагдаагийн албан хаагчид хэргийг илрүүлсний дараа, яллагдагч У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өөрт нь холбогдох хэрэгт өгсөн “яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байна. Тодруулбал, У “... Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр дундаа О-тай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г, Б/хохирогч охид/ нарт буруу зүйл хийсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд байхдаа мэдүүлж байсан. Насанд хүрээгүй байж ийм зүйлээр яваад байгаа гэдгийг мэдсээр байж хууль ёсны байгууллагад нь хандаагүй нь миний буруу...” гэж мэдүүлжээ.

-ХОХИРОГЧ ОХИДЫГ НИЙГМИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН БУЮУ АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР ГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ-

Хохирогч охид хоёулаа амьжиргааны түвшин доогуур амьдралтай байжээ. Хохирогчдын харьяалагдах дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаа явуулахад охид хоёулаа “нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу амьжиргааны түвшний 409.679 оноогоор доогуурт багтсан байна. Мөн хохирогч Г ар гэрийн боломжгүй нөхцөл байдлын улмаас тийм зүйл хийхээс өөр аргагүй болсон тухайгаа ярьсан байна. Тодруулбал тэрбээр “2017 онд сургуулиасаа гарч гэр бүлийн асуудлаас болж ажил хийх шаардлагатай болсон. Гэртээ хойд аав болон ээжийн хамт амьдардаг. Аав барилгын ажил хийдэг боловч хөлөө хугалж, намайг 3 дугаар ангид байхад гэмтээд дахин ажил хийгээгүй. Аав хөлөө гэмтээснээс хойш архи уудаг болсон бөгөөд ээж бас дагаж уудаг болчихсон. Ер нь хоёулаа архи их уудаг, тэгээд тогтвор суурьшилтай ажилгүй учир би ажил хийж мөнгө олох ёстой юм байна гэж бодсон” гэж мэдүүлжээ.

Ийнхүү хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, 18 насанд хүрээгүй хохирогчтой холбогдох хүн худалдаалах эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан өнгөрсөн сард хаалттай болсон байна.

Шүүхээс У-г “Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан, биеийг нь үнэлүүлж орогнуулсан” гэмт хэргийг “хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн” зэрэг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, О-г “Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж, тээвэрлэсэн” гэмт хэргийг “хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, байнга тогтвортой үйлдсэн” зэрэг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож

  • Шүүгдэгч У-д 15 жилийн хугацаагаар хорих ял/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /
  • Шүүгдэгч О-д 13 жилийн хугацаагаар хорих ялаар /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар/ тус тус шийтгэжээ.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосон байна.