Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Өнөөдөр /2022.02.11/ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 15-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.