Хөгжлийн банкны зээлийн асуудал олны анхааралд өртөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой мэдээлэл гарсан.
Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаанд нь МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй “газар”-ыг тавьсан байдаг. Харин МоАХ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй гэдгээрээ холбогдсон. Тодруулбал, 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны бүртгэлтэй газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сингапурыг зорьсон байж магадлалтай байна. Тэрбээр шинэ оны өмнөхөн БНСУ-д очиж улмаар хэд хоногийн өмнө Сингапурыг зорьсон байж болзошгүй гэх мэдээлэл байна. Ташрамд өгүүлэхэд, “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн төсөлд "Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно" хэмээн заажээ. Гэсэн ч хууль батлагдаагүй байгаа учир Ерөнхийлөгч асан Х.Баттулга ийнхүү гадны улс руу явсан байж магадгүй байна.