“Дүнжингарав” төвийн түрээслэгчид Төрийн ордны гадаа жагсаж байна

“Дүнжингарав” төвийн түрээслэгчид Төрийн ордны гадаа жагсаж байна

“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөр 500 мянган төгрөг байсан бол саяхнаас 1-1.2 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид хоёр хоногийн өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулж эхлээд байгаа.

Өчигдөр Нийслэлийн төр захиргааны байрны өмнө жагсаж, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2019.09.20/ Төрийн ордны гадна жагсаж байна. “Дүнжингарав” худалдааны төвийн зүгээс түрээсээ ийнхүү нэмэгдүүлж, түрээслэгчдэд гэрээгээ шинэчлэх шаардлага тавиад буй. Нэмэгдсэн түрээсийг төлөхгүй бол энэ сарын 25-ны дотор лангууг суллахыг сануулсан аж. Харин энэ шаардлагыг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийнхүү жагсаал зохион байгуулж буй ажээ.

Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмснээ “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгын үүднээс хэмээн удирдлага нь тайлбарлажээ. Мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн гэсэн байна.

Түрээслэгчид “Дүнжингарав” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг гарч ирж, тайлбар өгөхийг шаардаж байгаа аж. Түрээслэгчидтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл нэгдээд буй юм.