Сонирхогдчын боксын 2019 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан тулаанчид шигшээд шалгарах буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа өнөөдөр хийнэ.
Манай улсаас долоон тамирчин оролцсоноос Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Э.Цэндбаатар ганцаараа медалийн болзол хангаад байгаа билээ.
Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 22.00 цагт шигшээд шалгарахын төлөө Узбекстаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тулалдана.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч М.Мирзахалилов нь Жакарта-2018 Азийн наадмын 56 кг-ын жинд өрсөлдөн, аваргын алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ оны ААШТ-д мөн жиндээ түрүүлжээ. Энэ тулаанд ялалт байгуулсан тамирчин нь аваргын алтан медалийн төлөө олимпийн наадмын хошой хүрэл, ДАШТ-ий 3 алт, 1 мөнгөн медальтай Куба улсын тамирчин Л.Алварез болон ДАШТ-ий хүрэл медальт Их Британи улсын боксчин П.МкГрэйл нарын ялсантай тулалдана.