"ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгэлгүй ажилласан" хэмээн огцрохыг шаардаж тариаланчид удахгүй жагсана гэв

"ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгэлгүй ажилласан" хэмээн огцрохыг шаардаж тариаланчид удахгүй жагсана гэв

Тариаланчид, малчдын төлөөлөл Цагаан сарын баяраас өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг огцрохыг шаардах аж. Тэд үндсэн хоёр шалтгаанаар түүнийг огцруулахаар саналд нэгджээ.

-ДОТООДООСОО ХАНГАХ БОЛОМЖТОЙ УЛААН БУУДАЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 50 ХУВИЙГ ОХУ-ААС АВАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАНД ТАРИАЛАНЧИД БУХИМДАЖ БАЙНА-

НЭГДҮГЭЭРТ, Малын шүлхий өвчин. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сумын 85 голомтод шүлхий өвчин бүртгэгдэж хөл, хорио тогтоосон. Энэ нь Монгол улсын түүхэнд гарч байгаагүй өндөр статистик юм. Ганц шүлхий бус мялзан, цэцэг, арьс товруудах зэрэг халдварт өвчнөөр мал өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор хөдөө аж, ахуйн салбарт бодит хэд, хэдэн хүндрэл гараад байна. Тодруулбал, малчид нутаг сэлгэн оторлох боломжгүй болсон, ХӨДӨӨ орон нутгаас Улаанбаатар руу мах нийлүүлэх боломж хумигдсан. Зөвхөн өвчин бүртгэгдээгүй газраас мах нийлүүлж буй билээ. Үүний улмаас нийслэлд мах үнэд орж одоогоор үхрийн мах 13000 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Мөн малын өвчнийг дагасан вакцины үнэ болон бизнесийн сүлжээ замбараагүй болж эхнээсээ асуудал дагуулаад эхэлжээ. Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай зэрэг аймагт хуваарилж өгөөд байна.

ХОЁРДУГААРТ, 2021 онд тариаланчид улаан буудайгаа борлуулж чадаагүй. Манай нэг жилийн дотоодын нийт хэрэглээ 350 мянган тонн байдаг. Гэтэл З.Мэндсайхан сайд шийдвэр гаргаж 170 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортлосон байна. Нийт хэрэглээний 50 хувийг гаднаас авсан учраас тариаланчид дотооддоо улаан буудайгаа борлуулах боломжгүй болж хүнд байдалд орсноос гадна энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд үүд, хаалгаа барихад хүрсэн байна.

Энэ мэт тулгамдсан асуудлаас болж салбарынхны бухимдал дээд цэгтээ хүрч З.Мэндсайханаас тусламж хүсэн хэд, хэдэн удаа хандсан хариу өгөхгүй, хүлээж авч уулзалгүй өнөөдрийг хүргэжээ. Тиймээс түүнийг салбартаа муу менежмент хийсэн, дотоодын зах зээлийг булаасан хэмээн үзэж эцэст нь жагсахаар болсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор мал эмнэлгийн сангийн 5.9 тэрбум төгрөгийг хассан байдаг. Учир нь Мал эмнэлгийн ерөнхий газраас шүлхий өвчин анх гарч эхэлсэн үеийн цөөн тохиолдлыг нуусан байж болзошгүй байдаг. Тиймээс тус эмнэлгийн өвчингүй гэх дүгнэлтэд итгэн Засгийн газар төсвөө хэмнэсэн нь өнөөдрийн нөхцөлд байдалд хүргэсэн байж болзошгүй талаар өнгөрсөн намар холбогдох байнгын хорооны хурлаар ярьсан.  Үүнийгээ Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан уг хурлын үеэр хүлээг зөвшөөрсөн байдаг.