Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр нар “Жүдогийн шигшээ”-г дасгалжуулах магадлалтай

Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр нар “Жүдогийн шигшээ”-г дасгалжуулах магадлалтай

Энэ долоо хоногт өрнөсөн гэнэтийн содон үйл явдлын нэг нь Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдсэн явдал байлаа. Өмнө нь 2011 оны ДАШТ-ээс жүдочид ганзага хоосон ирэхэд шигшээгийн бүх дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж байсан удаатай.

Энэ удаад ганц медалтай ирсэн учир ийнхүү дасгалжуулагчид уучлалт хүсч, ажлаа өгцгөөсөн юм.

Үндэсний шигшээ багуудын дундаас хамгийн өндөр рейтингтэй нь жүдо. Ямартай ч Монголын жүдо бөхийн шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагчтай болно, мөн шинэ дөрвөн дасгалжуулагчийг шигшээ багт урих болно. Гэхдээ олимпийн өмнөх жил гар нийлсэн дасгалжуулагчид байх хэрэгтэйг олон хүн хэлж буй юм. 

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ямар хүмүүс байх вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Жүдогийн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчаас бүрдэх учиртай. Одоогийн байдлаар Ахлах дасгалжуулагч болох магадлалтай хүмүүсээр:

-Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох

-Сүлд спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв

-Гавьяат тамирчин Д.Цэрэнханд нар нэрлэгдэн,  яригдаж байна.

Түүнээс гадна шигшээ багийн дасгалжуулагчаар олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, Гавьяат тамирчин Д.Баттулга, С.Мияарагчаа, Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар томилогдох магадлалтай байгаа. Мөн шигшээ багийн ажлаа өгсөн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарыг буцаан томилохыг ч үгүйсгэх аргагүй юм. 




Өнөөдөр бич өдөр

9 цагийн өмнө