Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Монголын жүдочид энэ жил ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэн, тааруу амжилт гаргасан. Жүдочдын амжилт өмнөх жилүүдийнхээс саарсан гэх шүүмжлэл гарсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа өгөхийг хүсчээ. Үүний дагуу Монголын жүдо бөхийн дасгалжуулагчид уучлал хүсч, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн байна. Тэд энэ тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэх аж.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням хэлэхдээ, "2019 оны ДАШТ-ээс манай тамирчид ард түмний хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадаагүй. Хүрэл медаль авсан. Тиймээс шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, ард түмнээсээ уучлал хүсч байна" гэжээ. 

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.




Өнөөдөр бич өдөр

9 цагийн өмнө