Соёлын сайд Ч.Номин Парис хотод айлчиллаа

Соёлын сайд Ч.Номин Парис хотод айлчиллаа

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Парис хотноо болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганд оролцох үеэрээ ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Соёлын асуудал эрхэлсэн орлогч захирал Эрнесто Оттонитой уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-г Монгол Улсын соёлын салбарт анхаарч, олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд, Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж дуусгасан нь соёлын салбарын хөгжлийг тодорхойлж, хамтын ажиллагааны зарчмыг илүү нарийн тодорхойлоход дөхөм болж байгааг хэллээ.

Мөн манай улс энэ жил Дэлхийн өвийн хорооны сонгуульд анх удаагаа нэр дэвшиж байгаа нь байгалийн болон соёлын бүхий л дурсгалт газрууд, тэдгээрийн хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалан хамгаалж, илүү тогтвортой ирээдүйг бий болгох алсын хараатай, Дэлхийн өвийн конвенцийн хэрэгжилтэд өөрсдийн хувь нэмрээ оруулах өндөр эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ноён Эрнесто Оттони соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан соёлын бодлого түгээх нь чухал гэдгийг онцолж, ялангуяа тоглоомоор дамжуулан соёлын салбарыг хөгжүүлэх, залуу үед түгээн уламжлах нь оновчтой болохыг тэмдлэглэлээ. Мөн Дэлхийн өвийн хороонд шинээр гишүүн болж орж ирвэл өөр уур амьсгал орж, баялаг болгох талтай хэмээв. Уулзалтын төгсгөлд талууд, соёлын асуудал анх удаа удирдагчдын форумын хүрээнд анхаарлын төвд орж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Соёлын асуудал эрхэлсэн орлогч захирал Эрнесто Оттонитой Соёлын сайд Ч.Номинг ирэх онд төлөвлөсөн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцохыг урилаа.

Эх сурвалж: Соёлын яам