Хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг АВЛИГЫН хэргээр баривчилжээ

Хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг АВЛИГЫН хэргээр баривчилжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж ажлын өрөөнөөс нь баривчилж саатуулахаар авч явсан байна. 

Тэрбээр, Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон юм.  

Ташрамд өгүүлэхэд, Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч, 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой нэгэн.

2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.

Тэрбээр Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сараас тус албан тушаалд жинхлэгдсэн байна. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлгийн даргаар томилогдсон юм.