Монгол-Хятадын экспо нээгдэв

Монгол-Хятадын экспо нээгдэв

​“Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо”-гийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болов. 

​Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн үг хэлж, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувиар үг хэлэв.

​Шадар сайд Ө.Энхтүвшин 3 дахь удаагаа зохиогдож буй “Монгол-Хятадын Экспо” нь БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах өргөн боломж олгодог тул манай аж ахуйн нэгжүүд оролцохоор урьдчилан төлөвлөдөг чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, уг арга хэмжээний цар хүрээ, агуулга тэлж бүс нутгийн бусад орны төлөөлөгчид оролцдог болж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. 

​Тэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтворжиж, нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалт эрчимжиж буй нь БНХАУ зэрэг түнш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх таатай боломжийг олгож буйг тэмдэглэн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав.

 ​Шадар сайд түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хөрөнгө хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхийг тэмдэглэв.

 ​Нээлтийн ажиллагаанд БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Баймачилан, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНСУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Жан Ха-сун, ОХУ-ын Красноярскийн хязгаарын Хөдөө аж ахуй, худалдааны сайд С.В.Москаленко зэрэг бүс нутгийн орнуудын өндөр албаны хүмүүс үг хэлэв.

 ​Улаанцав хотноо 5 хоног үргэлжлэх “Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д 28 улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл, 1200 аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор манай улсаас 450 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө