Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Ерөнхий сайдын шийдвэрийг үл тоомсорлон ойн баяраа нижгэр тэмдэглэжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Ерөнхий сайдын шийдвэрийг үл тоомсорлон ойн баяраа нижгэр тэмдэглэжээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан тэгш ойн баяраа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын дөрөвний өдөр нижгэр тэмдэглэжээ.

Тодруулбал, Монгол Улсад өмчлөх эрх хуулиар баталгаажин хэрэгжиж эхэлсний 30 жил, төрийн өмчийг хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан салбарын ахмадууд, ажилтан албан хаагчдыг цуглууж, баяраа нүсэр тэмдэглэсэн байна.

Ингэхдээ том тайз засч, энгэрийн тэмдэг хүртэл хийлгэж, томоохон хэмжээний хүлээн авалт зохион байгуулсан талаар эх сурвалж мэдээлэв.

Угтаа Засгийн газраас цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл ТӨҮГ болон ТӨХК-ууд 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн он дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллаж буй билээ. 

Тухайлбал, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгдсэн. 

Гэвч энэхүү шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд хамаарахгүй бололтой.