Өнөөдөр залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон түүний ар гэрийнхэн “Монголын чөлөөт бөхийн холбоо бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгосон, ДАШТ-ийн мөнгөн медальт Э.Сумъяаг миний оронд оролцуулах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэж хэвлэлийн хурал хийсэн билээ.
Тэгвэл залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн хэвлэлийн талаар “Арслан” клубын ахлах дасгалжуулагч Б.Баттулга мэдээлэл хийлээ.
Тэрээр “М.Пүрэвтунгалагийн хувьд зургаадугаар сарын 27-нд шигшээ баг цуглуулахад биендээ 3-4 хатигтай байсан. Шигшээ багийн эмч хатигийг нь сарын хугацаанд эмчилсэн, эмчилсэн гэдэг нь ахиж гараагүй гэсэн үг. Уг хатиг нь гарахдаа үндсэндээ давтамжтай буюу дөрөв тав хоног гараад, арилаад, ахиад хэд хоногийн дараа үргэлжлүүлж гарч байсан. Бид хатиг гарсан тамирчныг бэлтгэлээс чөлөөлдөг. 80 орчим хувьд нь чөлөөлсөн.
Ингээд бид М.Пүрэвтунгалагийг юуны учир ингэж хатиг гараад байгаад мэдэхээр цусанд нь шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн асуудал хувь хүний нууц учир өөрөө шинжлүүлсэн боловч 40 гаруй хоног өнгөрчхөөд байхад шинжилгээний бичгээ авчраагүй.
Энэ хугацаанд бид М.Пүрэвтунгалагийг олон улсын тэмцээн болон бусад улс орнуудтай хамтрах бэлтгэлүүдэд таслахгүй авч явсан. Ингээд Турк улсад хийсэн 14 хоногийн бэлтгэлд явахад эхний долоо хоногийн эрчимжүүлсэн бэлтгэлд оронгуут шууд хатиг нь буцаад гарч эхэлсэн.
Ирээд бид “Говь ресорт”-д мөн бэлтгэл хийсэн. Арилчихсан байсан хатиг нь бэлтгэлийн эхний долоо хоногт ахиад л гараад ирсэн. Ингээд биеийн хувьд асуудалтай байгаа энэ тамирчныг яах тухай хэлэлцэхээр шийдвэрлэх болсон тухайгаа зарласны дараа л шинжилгээний бичгээ авч ирж байгаа юм. Шинжилгээний бичгийг эмч хараад маш олон үзүүлэлт муу байгааг хэлсэн. Иймд хурал хийж дараагийн тамирчныг явуулахаар шийдвэрлэсэн гэсэн юм.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-Алтан медаль хүртсэн тамирчин явах боломжгүй юм бол мөнгөн медаль авсан тамирчныг яагаад явуулаагүй, Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэсэн юм бэ?
-Зургаан жинд тамирчид жин давхардаж явсан. Гэмтэл бэртэл авбал дараагийн тамирчныг сонгох эрх Шигшээ багийн журамд бий.
–Шинжилгээний бичигт яг юу юу нь сөрөг үзүүлэлттэй гарсан юм бэ?
-Би нарийн ширийнийг мэдэхгүй, эмч хэлж мэднэ. Миний санаж байгаагаар цагаан эс нь 0-2 байх ёстой 38-40, нянгаас өөр өвчин дамжих магадлалтай байхад яагаад та нар энэ тамирчныг гадаад руу авч явж байгаа юм гэдэг шүүмжлэл хүртсэн. Хатиг нь энэ хоёр сарын хугацаанд дөрөв тав хоног гараад ахиад алга болоод, дахин буцаад гардаг байсан. Есдүгээр сарын 03-нд Говь ресортод гарч бодит байдалтай танилцахад хатиг гарсан байсан. Тав хоногийн өмнө гэсэн үг шүү дээ.
Сумъяатай барилдуулахад 30:0-ээр ялигдсан. Энэ шийдвэр тамирчинтай огт хамаагүй. Татвар төлөгчийн хувьд энэ шийдвэрийг зөв гэж харж байна. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг харснаас хойш шийдвэр минь зөв байсныг баталлаа.
-Э.Сумъяа М.Пүрэвтунгалагийг элдвээр дарамталдаг байсан гэсэн шүү дээ?
-Та нар манай бэлтгэл дээр очиж үз. Ямар ч дарамт байхгүй. Явуулахгүй байсан гэж байна. Гэтэл бид бүтэн сарын хугацаанд төсөв гаргаад тэмцээн, бэлтгэлд авч явж байсан.
-Э.Сумъяа 50 грамм хасчихсан байсан гэсэн. Энэ үнэн үү? Тамирчны хариуцлага алдсан байхад яагаад түүнийг явуулахаар болов?
-Сумъяа хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн, М.Пүрэвдулам ч мөн адил хэсэгтээ бүх тамирчдаа ялж гарч ирсэн. Маргааш нь Э.Сумъяа 50 грамм хассан байсан. Бид цалингийн арга хэмжээ авсан. Тамирчны нэг алдаан дээр дөрөөлж болохгүй. Хоёрдугаарт, мөнгөн медаль авсан тамирчныг Э.Сумъяа финалд цэвэр ялж гарч ирсэн. Хэн сайн байгааг нь дэмжих спортын шударга зарчмаар явж байгаа” гэсэн юм.