Арваннэгдүгээр сард хур тунадас бага, САРЫН ДУНДУУР ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Арваннэгдүгээр сард хур тунадас бага, САРЫН ДУНДУУР ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

ТОМЬЁОНЫ ОЙЛГОЛТ:

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ:

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар ОЖД-аас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.