Францын баруун өмнөд хэсэгт дэгдсэн ой, хээрийн түймэр хяналтаас гарч, энэ онд Европт бүртгэгдсэн хамгийн том түймрийн нэг болоод байна.
Түймэртэй тэмцэх үеэр дөрвөн гал сөнөөгч амиа алдаж, олон арван аврагч бэртэж гэмтээд байгаа юм. Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ түймрийг "Дэлхийн II дайнаас хойших Францын хамгийн том байгалийн гамшиг" хэмээн тодорхойлсон байна.
Түймэр долдугаар сарын 22-нд Бордо хотын ойролцоох Саумос тосгонд дэгдсэнээс хойш хүчтэй салхи, хэт халалт, хуурайшлын улмаас хурдацтай тархаж, 90 мянга гаруй га ой, бэлчээрийг үнсэн товрог болгожээ. Үүний улмаас 220 мянга гаруй иргэн, жуулчныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, 240 гаруй орон сууц, барилга байгууламж шатаж, эвдэрсэн байна. Одоогоор Франц болон Европын хэд хэдэн улсын 2200 гаруй гал сөнөөгч, 20 гаруй гал унтраах нисэх онгоц, нисдэг тэрэг ашиглан түймрийг хяналтад авахаар ажиллаж байгаа ч агаарын өндөр температур, хуурайшилт, хүчтэй салхи нөхцөл байдлыг хүндрүүлсээр байгаа аж.
Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, энэ удаагийн түймрийн үеэр халуун агаарын хүчтэй урсгалын нөлөөгөөр пирокумулонимбус буюу түймрээс үүсдэг аварга аянгат үүл бий болжээ. Ийм төрлийн үүл нь аянга цахилгаан үүсгэж, шинэ түймрийн голомт бий болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Францад өмнө нь бараг бүртгэгдэж байгаагүй ховор үзэгдэлд тооцогдож байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европыг хамарсан халуун давалгаа, удаан үргэлжилсэн ган гачиг нь ой, хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ удаагийн гамшиг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бодитоор хэрхэн эрчимжиж байгааг харуулсан томоохон жишээ болж байна. Францын Засгийн газар түймэртэй тэмцэх ажиллагаанд нэмэлт хүч, техник дайчилсан бол Европын холбооны гишүүн орнууд гал унтраах нисэх онгоц, аврагчдаа илгээн хамтран ажиллаж байна. Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд халуун үргэлжлэх төлөвтэй байгаа тул түймэртэй тэмцэх өндөржүүлсэн бэлэн байдлыг хэвээр хадгалахаар болжээ.