Ковидын халдвар авсан иргэн Улсын I болон III төв эмнэлэгт цээжний рентген зураг авхуулах бол АРАВ гаруй хоног хүлээх оочертой байна

Ковидын халдвар авсан иргэн Улсын I болон III төв эмнэлэгт цээжний рентген зураг авхуулах бол АРАВ гаруй хоног хүлээх оочертой байна

Коронавирус хүний уушгийг хамгийн их гэмтээдэг. Тиймээс халдвар авч эдгэрсэн иргэд уушгины рентгенд харуулахаар сайн гэсэн эмнэлгүүдийг асууж, лавлах нь түгээмэл үзэгдэл болсон. Тиймээс бид Улсын эмнэлгүүдийн цээжний рентген зураг авах үйлчилгээ хэр оочер, дараалалтай байгааг тодрууллаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Бид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цаг авах 1900-2111 дугаар руу юун түрүүнд холбогдсон юм. Ингэхэд “цээжний рентген зураг авахуулахын тулд эхлээд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Эмчийн цаг 11 дүгээр сарын 10-аас хойш байна. Эмчдээ үзүүлсний дараа рентген зураг авахуулах боломжтой. Рентгений цагийг эмч бичиж өгөх бөгөөд мөн л 11 дүгээр сарын 10-аас хойш цаг байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгэхээр тус эмнэлэгт цээжний рентген зураг авахуулж, эмчид үзүүлэх иргэд өнөөдөр цаг авбал 10 гаруй хоног хүлээх болж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт цээжний зургийг үнэ төлбөртэй авч байгаа аж. Харин “13-ын А маягт”-тай бол үнэ төлбөргүй үзэх юм байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг. Гуравдугаар төв эмнэлгийн цаг авах утас 7704-6666. Бид лавлах руу залган цаг байгаа эсэхийг асуухад “уушгины эмчийн цаг 11 дүгээр сарын 8-нд, цээжний рентген зурагны цаг эмчдээ үзүүлснээс хойш гэвэл мөн л арав гаруй хоногийн дараа олдоно” гэсэн юм.

Улсын эмнэлгүүдээс гадна хувийн эмнэлгүүдэд энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгээсээ шалтгаалан рентген зураг авах, эмчид үзүүлэх үйлчилгээ 25 мянгаас 35 мянган төгрөгийн хооронд байна.

Тэгвэл коронавирусийн халдвар аваад эдгэрснээс хойш хэдэн хоногийн дараа рентгенд харуулж болох вэ. Эмч мэргэжилтнүүд эмчилгээ хийлгэж дууссанаас 5-10 хоногийн даруу цээжний рентген зураг авахуулахыг зөвлөжээ. Мөн урьдчилсан сэргийлэх үүднээс харуулж болох аж.