Коронавирусийн дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагдсан 73 настай иргэн нас барсан золгүй хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд эхнэрийн хамтаар дархлаажуулалтын гуравдугаар тунгаа хийлгэсэн 73 настай иргэн вакцин хийлгэснээс 30 орчим минутын дараа нас барсан байна. Тухайн иргэн нь зургаадугаар сард файзар вакцины нэгдүгээр тун, долоодугаар сард файзар вакцины хоёрдахь тунгаа хийлгэж, улмаар өчигдөр файзар вакцины гуравдугаар тунгаа хийлгээд нас баржээ.
Талийгаач өмнө нь дархлаажуулалтад хамрагдахдаа ямар нэгэн хүндрэл, урвал өгч байгаагүй аж. Мөн вакцинд хамрагдах үедээ биеийн байдал, амин үзүүлэлт нь хэвийн байсан байна.
Харин талийгаачийг зүрх судасны эмчийн хяналтад байдаг, архаг хууч өвчтэй хүн байсан болохыг тухайн иргэнд үзлэг хийсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эмч онцлов. Мөн тэрбээр "Талийгаач нь эхнэр хүүхдийн хамт өрхийн эмнэлэг дээр ирсэн бөгөөд хүүхэд нь гадаа машиндаа хүлээж байсан. Эхнэр нь мөн вакцинд хамрагдсан. Эхлээд талийгаач вакцинаа хийлгэсэн бол эхнэр нь хоёр хүний дараа вакцинаа хийлгэсэн. Ингээд ажиглалтын өрөөнд 23 минут сууж байгаад шатаар өгсөөд гарсан" гэх мэдээллийг өглөө.
Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьялалтай нэгэн байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн гэр бүлийн хүнээс хоёр хоногийн өмнө коронавирусийн халдвар илэрсэн байжээ. Гэхдээ талийгаач дархлаажуулалтад хамрагдахдаа энэ талаарх мэдээллийг эмчид өгөөгүй аж. Өчигдөр тус эмнэлэгт нийт 160 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.