Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн нүүрс тээврийн жолооч нарыг албадан тараажээ

Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн нүүрс тээврийн жолооч нарыг албадан тараажээ

Энэ сарын 20-ноос эхлэн Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг зогсоох болжээ. Иймд зам тээврийн сайд Л.Халтарын гаргасан энэхүү шийдвэрийг Монгол тээвэрчид, тээвэрчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд эсэргүүцэж өнөө өглөө Сүхбаатарын төв талбайд жагсаал зарласан байна.

Тодруулбал, Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замаар Монгол компани, Монгол тээвэрчид нүүрсний экспортын тээвэрлэлт хийхийн тулд өөрсдөө мөнгө гаргаж замаа засаж тээвэрлэлтээ хийж байсан ч ЗТХ-ийн сайд Л.Халтар сайд замыг нь хаасанд Монгол тээвэрчид бухимдаж түүнийг огцрохыг шаардаад байгаа юм.

Учир нь Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн 500 гаруй жолооч Л.Халтар сайдын шийдвэрийн улмаас сул зогсолтод оржээ.

Иймд өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд нүүрс тээврийн хэсэг жолооч тээврийн автомашинтайгаа зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч удалгүй цагдаагийн байгууллагын ажилчид ирж, тэднийг албадан тараажээ.

Г. Мөнхбаяр