Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд тулгамдаж асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жил Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд бусад хүүхдүүдтэй тэгш хамруулан суралцах эрхийг баталгаажуулсан. Энэхүү тушаалыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд талархан хүлээн авчээ. Гэвч үүнийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх хангагдаагүй, шийдвэрлэгдээгүй олон асуудал байгааг өнөөдөр эцэг эхчүүд хэлж байлаа.
Тухайлбал:
- Хүүхдүүдийн хувь хүний чадвар алдагдалтад анхаарч тухайн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн адил сурч чадахгүй гэдэгт итгэн, "хүүхдийн сурах аргаар заах" хүний эрхийн загварыг ойлгож, хэрэгжүүлэхгүй байна. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг дэмжих талаар багш бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоо хангалтгүйгээс сургууль дээр тэгш хамруулсан бодлого, соёл, үйл ажиллагаа бий болоогүй байна.
- Нэг ч хүүхдийг үлдээлгүй сургах зэргийг багтаасан ялгаатай байдлын болон тэгш хамруулсан чанартай боловсролын мөн чанар, давуу талын тухай мэдлэг ойлголтгүй байна. Өөрөөр хэлбэл, бүх хүүхэд хамтдаа суралцсанаар үүсэх давуу байдлыг бусад эцэг эхэд сурталчлахгүй байгаа нь тэгш хамруулах нь боловсролын чанарыг бууруулж, эсвэл бусдад сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн ташаа айдас, хэвшмэл ойлголтод хүргэж байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тэгш хамруулахад шаардагдах тохирох хэрэглэгдэхүүнээр хангах болон хөшүүргийг багтаасан санхүүжилтийн механизм, яамд хоорондын зохицуулалт, дэмжлэг бий болоогүй байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тэдний хүйс, оршин суугаа газар, нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран бүх шатны боловсролд тэгш хамруулах" шийдвэрийг бодитой хэрэгжүүлэхийн тулд хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэдний ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн авч олон нийтийг соён гэгээрүүлэхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос уриаллаа.