НЭМГ-ын дарга Б.Бямбадорж дархлаажуулалтын явцын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан. Бид бүрэн тунгийн суурин дээр дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг эхлүүлсэн. Гуравдугаар тунд нийслэлийн хүн амын 11 хувь хамрагдаад байна. Вакцинжуулалтын цэг суурин болон явуулын байдлаар ажиллаж байгаа бөгөөд олон ажилтантай албан байгууллагууд, хэвтрийн хүмүүст гэрээр нь очиж үйлчлэх ажлыг зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч гуравдугаар тунгийн вакцинд хамрагдалт хангалттай биш байна.
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 22 цэгт 167 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Харин 772 хүн л вакцинжуулалтад хамрагдлаа. Тиймээс бид бүтэн сайн өдөр эрүүл мэндийн ажилчдаа амраахаар болсон. Иргэдийг даваагаас бямба гарагийн хооронд гэртээ аль ойрхон цэгт очиж дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдварын эрсдэлд өртөх, халдвар авсан тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол бага байна гэсэн олон улсын судалгаа гарсан. Энэ нь бидний хийсэн ажиглалт судалгаагаар ч харагдаж байгаа юм” гэв.