Хэрэглэгчдэд болзол тулгаж, шатахууны талон олгосон "Синчи фүүдс" ХХК-г 20 сая төгрөгөөр торгов

Хэрэглэгчдэд болзол тулгаж, шатахууны талон олгосон "Синчи фүүдс" ХХК-г 20 сая төгрөгөөр торгов

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фүүдс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

 "Синчи фүүдс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Супер 92" шатахуун түгээх станцаас 40 мянган төгрөгийн шатахууны талон олгосон байна. Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдөр  хяналт, шалгалт хийж дээрх үйлдэл нь  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. .

Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.