Энэ жил наадам хийгээгүй ч НААДМЫН ТАЛБАЙ барих, засвар хийх ажилд улсаас 2 ТЭРБУМ гаруй төгрөг зарцуулжээ

Энэ жил наадам хийгээгүй ч НААДМЫН ТАЛБАЙ барих, засвар хийх ажилд улсаас 2 ТЭРБУМ гаруй төгрөг зарцуулжээ

Цар тахлын улмаас энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Монголын улсын өнцөг булан бүрд тэмдэглэлгүй энэ жил өнжсөн. Тэгш ой гэдэг утгаараа орон даяар наадамд бэлдэж, нүсэр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан нь нууц биш.

Гэвч халдварын нөхцөл байдал, иргэдийн эсэргүүцлийн улмаас Засгийн газар энэ оныг дуустал баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Хэдий улс, аймаг, сумдууд наадам зохион байгуулаагүй ч энэ жил аймаг, сумдын удирдлагууд "Наадмын талбай шинээр барих, шинэчлэн засварлах, тохижилт хийх" нэрийдлээр улсаас 2 тэрбум гаруй төгрөгийг гаргуулжээ.

ТОДРУУЛБАЛ: 

Дээрх тоон мэдээллээс харвал Өвөрхангай аймаг /500 сая төгрөг/, Завхан аймагийн Идэр сум /180 сая төгрөг/, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум /210 сая төгрөг/, Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн газар /150 сая төгрөг/, Ховд аймгийн Дарви сум /350 сая төгрөг/ наадмын талбай шинэчлэн барих, засвар хийхэд хамгийн их мөнгө зарцуулжээ.

Харин бусад аймаг, сумдын засварын ажилд зарцуулсан мөнгө нь 20-90 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Эдгээрээс гадна Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ жил наадмын талбай барихаар орон нутгийн хөгжлийн сангаас 600 сая төгрөгийг зарцуулсан ч улсын комисс хүлээн авахаас өмнө балгас болсон тухай бид сурвалжилж байв. /Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРИЙН ҮРЭЭР ХИЙ ДЭМИЙ ЗАРЛАГА ГАРАВ УУ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ковидгүй зуныг хамтдаа угтана” хэмээн ам гарч, эрх баригчид ч Ардын хувьсгалын 100 жилийг хийнэ хэмээн хэлж байв. Гэвч зургадугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотод үзэгчгүй цахим наадам зохиох” шийдвэр гарсан. Эл шийдвэр эртнээс наадмын бэлтгэлд гарсан байсан уяачид, бөхчүүд, харваачдыг гайхшралд оруулсан. Гэвч эрх баригчдын “сюрпрайз” үүгээр дуусаагүй.

Зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас 171 тоот тогтоол гаргав. Уг тогтоолд, нэгдүгээрт, Ардын хувьсгалын 100 жилийн ойг хийнэ. Харин улсын наадам цахимаар зохион байгуулагдана. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт долдугаар сарын 20 хүртэл эрсдэлийн үнэлгээ хийж, ковид намжсаны дараа, Шадар сайдтай зөвлөлдөн наадам хийхийг аймгийн засаг дарга нарт зөвшөөрсүгэй гэсэн байдаг.

Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа буюу долдугаар сарын 2-нд Засгийн газраас “Наадам хийхгүй” гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ мэт Засгийн газрын эргэж, буцсан шийдвэр иргэдийг төөрөгдүүлж, наадамд бэлдэж байсан уяачид талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, багагүй маргаан өрнөсөн.

Хэрэв Засгийн газар ковидын нөхцөл байдлыг эртнээс тооцоолж, Наадам хийхгүй байх шийдвэрийг эргэж, буцалтгүй гаргасан байсан бол аймаг, сумдын удирдлагууд ч наадамдаа бэлдэж, их хэмжээний мөнгө зарлагадахгүй байв. Дээр дурдсанчлан ихэнх аймаг, сумдын удирдлагууд наадмын талбайдаа засвар, шинэчлэл хийжээ. Гэвч дараа жилийн баяраар энэ засвар дахин хийгдэх магадлал өндөр. Учир нь бүх наадмын талбай гадаа байдаг тул ирэх жилийн наадам гэхэд хуучирч, өнгөө алдах нь цаг хугацааны асуудал юм.