Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг Тахилгат тосгонд наймдугаар сарын 26-ны өдөр малчин Б-ийн гэрт муур галзуурсан болох нь аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан байна.
Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг малчин Б-гийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.
Голомтын бүсэд орших гурван өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараасан аж. Мөн тус тосгоны Эрүүл мэндийн төв, онцгой комиссын ажилтнуудад галзуу өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын наймдугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.