Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Даваа гараг/2021.09.06/-т мэдээлэл хийхдээ “Нийслэл хотод 1200 орчим автобус үйлчилгээнд явдаг. 2022 онд 532 автобусны ашиглалтын хугацаа дуусна. Гэтэл автобусны тендерийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/ТНБД/ С.Наранцогт гацаасан тул ашиглалтын хугацааг сунгахаас өөр аргагүй байдалд хүрсэн. С.Наранцогт бидэнд дөрөв дэх компанийг шалгаруул. Эс бөгөөс АТГ-т өгнө гэж хэлсэн” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл, Сангийн яамны буруугаас үүдэн нийтийн тээврийн парк шинэчлэлт хугацаандаа хийгдэж чадахгүйд хүрсэн гэх агуулгатай зүйл ярьсан.
-САНГИЙН ЯАМНААС ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “СҮЛДЭРХАН МИНЕРАЛС” КОМПАНИЙГ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ-
Харин үүнд өчигдөр/2021.07.08/ Сангийн яамны ТНБД С.Наранцогт хариу тайлбар өгөхдөө тус яамнаас нийслэлийн ЗДТГ-т явуулсан албан бичигт АТГ-т шалгуулах талаар ямар ч үг, үсэг байхгүй гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр “Тендерт шалгарсан “Сүлдэрхан” компани автобус нийлүүлж байсан туршлагагүй, өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх шаардлага хангаагүй, хамтран оролцож буй Хятадын компани шаардсан материалыг дутуу ирүүлсэн гэх мэт зөрчил гаргасан. Баримтгүйгээр хувь хүн, цаашлаад байгууллагын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна” гэсэн юм.
Өдөр дараалан хийсэн тэдний мэдэгдлүүдээс Нийслэлийн Засаг дарга “Сүлдэрхан минералс” гэх компанийг тендерт шалгаруулахыг хичээж буй, харин Сангийн яам тус компанийг “хэд хэдэн шаардлагыг хангаагүй” гэдэг үндэслэлээр тендерт шалгаруулахгүй байгаа мэт дүр зураг харагдаж байна.
Угтаа нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 20 тэрбум төгрөгийн төсөв бүхий 60 автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж, долоон компани оролцсон байдаг. Үүнд:
- Еврохан
- Говь экуйпмент рентал флийт
- Батсээр
- Эм Эс И Партнерс
- Сүлдэрхан минералс
- Моннисмоторс
- Dalian Dongheng Mechanichal and Electrical Installation Engineering co.,LTD гэсэн компаниуд оролцож, өнгөрсөн зургадугаар сард “Сүлдэрхан минералс” компани шалгарчээ.
-ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “СҮЛДЭРХАН МИНЕРАЛС” КОМПАНИЙН ТУХАЙ-
Гэвч тендерт оролцсон хэд хэдэн компани гомдол гаргаснаар Сангийн яам шалгалт хийж, “Сүлдэрхан минералс”-ыг шаардлага хангаагүй хэмээн үзсэн байна. Тэгвэл “Сүлдэрхан минералс” гэж чухам хэний эзэмшилд байдаг, мөн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болох талаар сонирхуулъя.
Тус компани нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн хүнд даацын автомашин, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд идэвхтэй оролцож эхэлсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь И.Болдцэцэг гэх хүний нэр бүртгэлтэй байсан бөгөөд түүнээс гадна Г.Баттулга гэх хүн хувьцаа эзэмшигч аж. Үйл ажиллагааны чиглэл нь:
- Нийтийн тээврийн автобусны засвар үйлчилгээ
- Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах
- Авто машины түрээсийн үйлчилгээ
- Хүнд машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ
- Нийтийн тээврийн автобусны худалдаа
- Хүнд машин механизмын түрээс
- Музейн тоног төхөөрөмжийн худалдаа
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.
Мөн 2020 онд тус компани УУХҮЯ-наас зарласан 800 саяын өртөгтэй тендерт шалгарч байжээ. Харин нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлд анх удаа “хүч үзэж” буй нь энэ аж. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны ТНБД С.Наранцогтын хэлдгээр “автобус нийлүүлж байсан туршлагагүй компани” аж.
Ямартай ч хоёр тал бие биенээ буруутгасан өнгө аястай мэдээлэл хийж, автобус нийлүүлэгдэхгүй, парк шинэчлэлт төлөвлөсөн хугацаандаа явагдахгүй байх хариуцлагыг хэн хүлээх асуудал үлдэж байна.